"Хүний хөгжил сан" -аас 2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр оюутанд хишиг хувь хүртээх тухай
- Хишиг хувийн 500,0 мянган төгрөгийг ямар оюутан хүртэх вэ?
- Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон, төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид дипломын, бакалавр, магистр, докторын шатлалд өдрийн ангид 2010-2011 оны хичээлийн жилд суралцаж байгаа оюутнууд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртэх боломжтой юм.
- Суралцагч энэ мөнгийг авахын тулд хаана хандаж хүсэлт гаргах вэ?
- Суралцагч сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртэх хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана. (Өөр материал шаардлагагүй)
- Орон нутгаас нийслэлд суралцаж байгаа оюутнууд хүсэлтээ харьяалалтай аймаг, сумандаа очиж гаргаж өгөх үү?
- Хөдөө орон нутгийн оюутнуудын хувьд хэрэвээ өөрийн биеэр хүсэлт гаргах боломжгүй бол эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч эсвэл эхнэр, нөхөр нь түүний өмнөөс сум, хорооны нийгмийн халамжийн ажилтанд өргөдөл бичиж өгнө. Өргөдөл гаргасан гэр бүлийн гишүүн нь дээр дурьдсан мэдээллүүдийг бичихээс гадна өөрөө тухайн оюутны гэр бүлийн ямар гишүүн болох, мөн овог нэр, регистрийн дугаараа бичсэн байх шаардлагатай.
Тухайн сум хорооны нийгмийн ажилтан нь тусгай маягтын дагуу мэдээллийг нэгтгэн аймаг дүүргийн халамжийн газартаа хүргүүлэх ба дараа нь "Хүний хөгжил сан"-гийн программын мэдээлэллийн баазыг үндэслэн оюутнуудын "Хүний хөгжил сан дэвтэр" -т бичилт хийх шаардлагатай.
- Үндсэн нарийн мэргэжил олгох резидентурийн сургалтанд хамрагдаж байгаа эмч нар эх орны хишиг 500,000 төрөгөө сургалтын төлбөр хэлбэрээр авч болох уу?
- Зөвхөн өдрийн ангийн диплом, бакалавр, магистр, докторын шатлалд суралцагчдад Хүний хөгжлийн сангийн 500000 төгрөгийг сургалтын төлбөр хэлбэрээр олгоно. Иймд резидентурт суралцагчдад олгохгүй.
- Их, дээд сургуулийн зүгээс ямар ямар материал бүрдүүлэх вэ?
- Тухайн сургууль 2010-2011 оны хичээлийн жилд суралцаж байгаа суралцагчдын нэрсийн жагсаалт, бусад мэдээллийг аймаг, сум, дүүрэг, хороогоор үнэн зөв гаргаж баталгаажуулан Сургалтын төрийн санд цахим хэлбэрээр болон албан бичгээр хүргүүлнэ. Оюутны нэрсийн жагсаалт гаргах маягтыг Сургалтын төрийн сангаас их, дээд сургууль, коллежүүдэд цахим хэлбэрээр хүргүүлж байна.
- Хэдий хугацаанд бичиг баримтаа бүрдүүлж өгөх ёстой вэ?
- Хороо, дүүрэг, аймгаас нэгтгэж ирсэн жагсаалтыг, Сургалтын төрийн сангаас ирсэн сургуулиудын мэдээллийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нэгтгэн Сангийн яаманд хүргүүлж, Сангийн яамны төрийн сангийн газар санхүүжилтийг Сургалтын төрийн сангаар дамжуулан их, дээд сургууль, коллежийн дансанд шилжүүлнэ.
Оюутан өргөдөл, хүсэлтээ гаргаснаас хойш сарын дараа тухайн суралцаж буй сургуульд санхүүжилт орно.
- Төрийн албан хаагчын гэр бүлээс, нэн ядуу өрхийн, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй болон хөнгөлттэй зээлээр суралцагчдад сургалтын төрийн сангаас олгодог тусламжийг үргэжлүүлэн олгох уу?
- Өмнө нь мөрдөгдөж байсан Засгийн газрын тогтоолуудын журамд сурлагын чанартай уялдуулж өөрчлөлт оруулахаар БСШУЯамны ажилын хэсэг ажиллаж байна. Иймээс шинэ тогтоол, журам гартал Сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж болон төрийн албан хаагчийн гэр бүлээс суралцагчдад олгох санхүүжилт түр хугацаагаар зогссон.
- Энэ хичээлийн жилд сургалтын төрийн сангийн зээл, тусламжид хамрагдсан оюутнуудын хувьд Хүний хөгжлийн сангийн 500,000 төгрөг нэмэгдэж олгогдоно гэж ойлгож болох уу?
- Сургалтын төрийн сан нь зээл, буцалтгүй тусламжид хамрагдсан суралцагчдад олгох санхүүжилтийг жилд 3 хувааж олгодог байсан: 9-12 сард 40%, 1-3 сард 30%, 4-6 сард 30% .
Энэ хичээлийн жилийн 9-12 сард олгох ёстой сургалтын төлбөрийн 40%-ийг олгосон бөгөөд 2011 оны 1 дүгээр сараас эхлэн эх орны хишиг 500000 төгрөгийг олгоно.
Жишээ нь: Инженерийн мэргэжлээр сурдаг оюутанд (мэргэжлийн индексээс шалтгаалж) жилд төрийн сангаас 620000 төгрөгийг 3 хувааж санхүүжилт хийдэг байсан бол энэ хичээлийн жилд зөвхөн 9-12 сарын 40%-ийн санхүүжилт болох 248000 төгрөг орсон ба хүний хөгжлийн сангийн 500000 төгрөг нэмж олгогдоно.
- Жилийн чөлөө авсан суралцагч хамрагдах уу?
- Суралцагч 2010-2011 оны хичээлийн жилд суралцаж байгаад жилийн чөлөө авсан бол хамрагдах ба энэ хичээлийн жилээс өмнө чөлөө аваад суралцаагүй бол хамрагдахгүй.
- Одоо 1 сард төгсөж байгаа оюутан 500000 төгрөгөө авах уу?
- Журмын дагуу хүсэлтээ гаргаад авч болно.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment